Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар СТОУС-г мөрддөг аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад жилд 2 удаа хүргүүлэх ба эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэсэн хугацаанд цахим хэлбэрээр илгээнэ.
Гэхдээ жилийн эцсийн санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэсэн байхыг хуулиар шаарддаг.
Манай аж ахуйн нэгжүүд ихэвчлэн жилийн эцсийн тайлан гарсаны дараа аудитаа хийлгэж ингэснээрээ цаг хугацааны хувьд нилээд давхцал үүсч, аудитын чанар болон аж ахуйн нэгжийн хувьд ч санхүүгийн бүртгэлийг цаг хугацаа өнгөрсөн хойно залруулах боломжгүй байх, үүний улмаас санхүүгийн үр дүнг буруу илэрхийлэх, санхүүгийн тайланг буруу илэрхийлсэнээр түүнийг хэрэглэгчийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар үүсэх магадлалтай.
Тиймээс аж ахуйн нэгжүүд аудитыг тайлант жилийн санхүүгийн тайландаа 2 удаа аудит оруулах нь дээрх эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.
Аудитыг завсрын хугацаанд оруулсанаар аудитын үйлчилгээний төлбөрийг 2 удаа тооцно гэсэн үг огтхон ч биш. Аудитыг хийхийн өмнө аудитад зарцуулах цаг хугацааг аудитын үе шат бүрээр гаргаж, түүндээ тулгуурлан үйлчилгээний хөлсийг тодорхойлдог. Тэр нь аудитыг жилдээ нэг удаа хийлгэснээс нэг их ялгаатай тооцогддогүй.
Аудитын зорилго нь тухайн аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлангаа СТОУС-ийн дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн эсэхэд дүгнэлт өгөх юм.
СТОУС-ын дагуу үнэн зөв бодитой илэрхийлсэн эсэхийг аудитор АОУС-н дагуу горимуудыг боловсруулан шалгаж, уг шалгалтын үр дүнгээр тухайн аж ахуйн нэгж хэрвээ СТОУС-г мөрдөөгүй буюу мөрдөх явцдаа алдаа гаргасан байвал түүнийг залруулах саналыг гаргаж өгсөнөөрөө тухайн байгууллага жилийн санхүүгийн тайлангаа СТОУС-н дагуу үнэн зөв илэрхийлэх боломж бий болно. Ингэснээрээ аудитын үйлчилгээ нь тухайн байгууллага санхүүгийн тайлангаа СТОУС-ын дагуу илэрхийлэхэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Завсрын аудитыг хийлгэж, аудитын гэрээг эрт байгуулсанаараа энэхүү зөвлөх үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага нь жилийн туршид авах боломж үүсэх ач холбогдолтой. Ялангуяа тусгай зориулалтын компаниуд (даатгал, ББСБ) болон нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгжүүд цар хүрээ ихтэй учир завсрын аудитыг заавал хийлгэвэл зохистой.
Завсрын аудитыг эхний хагас жилийн санхүүгийн тайланг гарсанаас хойш болон хэрвээ тухайн аж ахуйн нэгж өөрийн НББ-ийн дагуу улирал бүр санхүүгийн тайлан гаргадаг бол 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргасны дараа оруулах нь зохимжтой. Энэхүү хугацаанд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн яаж бүртгэж тайлагнасныг бүрэн тодорхойлж, алдаа, зөрүүг залруулан дараагийн тайлант хугацаанд уг алдааг гаргахгүй байх бүрэн боломжтой болдог.