20 жилийн өмнө компаниудын хувьд стратеги төлөвлөлт хэрэгжүүлнэ гэхээр амаргүй байсан бөгөөд хэрэгжүүлнэ гэхээр ихээхэн нөөц, хугацаа хэрэгтэй болдог байлаа. Өнөөдөр бол тэс өөр болоод байна. Байгууллагуудын хувьд стратеги төлөвлөгөөтэй байснаар ихээхэн ач холбогдолтой юм. Стратеги төлөвлөгөөтэй байхын үнэ цэнийг ойлгодог бөгөөд хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаг захирлуудын хувьд ашигт ажиллагаагаа байнга нэмэгдүүлж чаддаг.
Энэ удаагийн удирдлагуудад зориулсан зөвлөгөөгөөрөө компаниудын хувьд стратеги төлөвлөгөөтэй байх, түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах нь үйл ажиллагаагаа амжилттай явуулахад яагаад чухал нөлөө үзүүлдэг болох 5 гол шалтгааныг орууллаа.
1. Төлөвлөлт
Байгууллагуудын хувьд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнэж байх нь мэдээж чухал байдаг. Гэхдээ ихэнх төлөвлөгөөнүүдийн хувьд өнгөрснөөсөө харж хийдэг учраас ирээдүйг төдийлөн сайн илэрхийлж чаддаггүй. Дараа дараагийн жилүүдэд бид хаана байх вэ? 3-5 жилийн дараа бид хаана очсон байх вэ? гэдэг дээр үндэслэн тооцоолсон 1 жилийн төлөвлөгөө нь урт хугацааны зорилгодоо хүрэх нэг шат болох учиртай юм.
2. Давуу тал болон сул тал
Байгууллагын удирдлагуудын хувьд давуу тал, сул тал гэхээр мэдээжийн зүйл шиг санагдах ч та давуу талаа өрсөлдөөний давуу тал болгож ашиглаж чадаж байна уу? Сул талаа сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж чадаж байна уу? гээд асуухаар арай өөр хариулт өгдөг тал бий. Стратегитай байснаар сул талаа илүү сайн ойлгон сайжруулах, байгууллагыг амжилттай болгож буй талууд дээрээ илүү төвлөрөн ажиллах боломжийг нэмэгдүүлдэг.
3. Ур чадвар
Хэрэв та урт хугацаанд хаана хүрэхээ мэдэж байгаа бол тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд танд болон ажилтнуудад ямар чадварууд хэрэгтэй болохыг илүү сайн мэдэх болно. Шинэ шинэ чадваруудад байгууллага хурдан суралцсанаар төлөвлөгөөндөө амжилттай хүрэх магадлал нэмэгдэх юм.
4. Нөөц хуваарилалат
Том, жижиг аль ч байгууллагын хувьд нөөц хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Бид хязгааргүй их нөөцтэй байхыг хүсдэг ч энэ нь боломжгүй юм. Стратеги гэдэг бол оновчтой, зөв сонголт хийх, шийд гаргах тухай юм. Аль зах зээлд, аль бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр төвлөрвөл бидний хувьд илүү амжилттай байх боломжтой вэ? Аль бүтээгдэхүүн, үйлчилгээ бидний хийх ёсгүй зүйлс вэ? Эдгээр шийдвэрүүд нь хязгаарлагдмал байх нөөцөөр хэрхэн илүү сайн үр дүнтэй ажиллаж болохыг хэлж өгөх болно.
5. Гадаад орчны нөлөө
Олон удирдлагуудын хувьд гүйцэтгэлд аль гадаад орчны нөлөөлөл сайнаар эсвэл сөргөөр нөлөөлөх талаар сайтар бодож үздэггүй. Энэ нь удирдлагууд хэрэглэгчидтэйгээ хэрхэн үйл ажиллагаагаа нийцүүлэх эсвэл өрсөлдөөний байдлаа мэдэх тухай биш бөгөөд энэ нь гадаад орчны талаар хэр дүн шинжилгээ хийх тухай юм. Энэ нь гадаад орчны хүчин зүйлст ямар нэг өөрчлөлт гарлаа гэхэд хэрхэн бэлтгэлтэй байж зохих арга хэмжээ авах тухай юм.
Сайн стратегитэй байснаар байгууллагуудын удирдлагуудын хувьд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх, өрсөлдөөний давуу тал олоход нь багагүй тустай байх нь мэдээж бөгөөд стратегигүй байснаар зүйрлүүлж хэлбэл ойд төөрсөнтэй л адил юм.
Орчуулсан эх сурвалж: strategymanagement.com