Магадгүй та гайгүй сайн стратеги төлөвлөгөө болосвруулсан хэдий ч түүнийгээ сайн хэрэгжүүлж чадахгүй бол цагаа дэмий үрснээс өөрцгүй юм. Тийм учраас байгууллагын удирдлагууд стратегээ төлөвлөхдөө анхаарал хандуулдагтайгаа адил хэрэгжүүлэхдээ ч мөн адил анхаарал хандуулж байж үр дүнд хүрнэ.

Өөрөөр хэлбэл тухайн стратегийг хэрэгжүүлсэн тохиолдолд л үр ашгаа өгдөг. 

Гэвч статегийг хэрэгжүүлнэ гэдэг нь ярвигтай бөгөөд цаг их зарцуулагддаг.

Дээд шатны удирдлагууд хэрэгжилтэнд ихээхэн анхаарал хандуулах ёстой. Байгууллагын удирдлагын баг стратегийг хэрэгжүүлж буй менежерүүдийн үйл ажиллагаа нь байгууллагын хувьцаа эзэмшигчдэд зохих үр ашгаа өгч буй эсэхэд баталгаатай байхын тулд стратегийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дэмжиж ажиллах ёстой.

Стратегийг сайн хэрэгжүүлснээр үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж тухайн байгууллагыг бусад байгууллагаас ялгаруулж чаддаг төдийгүй салбартаа тэргүүлэгчийн хэмжээнд ч аваачих боломжтой юм.

Стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах хүчин зүйлээс шалтгаалдаг:

  • Асуудалд шийдэл олох
  • Сайн байгууллагын бүтэц бий болгох
  • Өөрчлөлтийг удирдах чадвар
  • Давуу талаа хөгжүүлэх 
  • Үнэ цэнэ бий болгох
  • Ажилчдаа үр дүнтэй удирдах
  • Салбар, хэлтсүүдийн уялдааг сайжруулах
  • Стратегийн хэрэгжүүлж буй ажилтнуудтай хамтарч ажиллах
  • Ажилчдаа мотивацжуулах
  • Үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах
  • Ажилтнуудад хүрэлцээтэй нөөцтэй байлгах
  • Статегийг дэмжиж ажиллах бодлого, соёлыг төлөвшүүлэх

Стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах 8 зүйл

Стратегийг хэрэгжүүлэхэд мэдээж тухайн байгууллагын нөхцөл байдалд тохирох ажлуудыг гүйцэтгэх хэрэгтэй боловч стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд дагах ёстой үндсэн ажил үүрэг гэж бий.  

Стратегийг хэрэгжүүлэхэд менежерүүдэд юу чухал вэ гэхээр байгууллагынхаа онцлог байдалд стратеги хэрэгжүүлэлтээ уялдуулах явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад өөр, өөр тооны нөөц байгаагаас хойш онцлог нөхцөл байдал гарч ирж л таарна. Байгууллага бүр өөр өөрийн философитойгоос гадна, менежментийн арга барил, соёл, бодлоготой, стратегитай байдаг. 

1. Стратегийн манлайлал

Стратегийн манлайлал нь өрсөлдөөнд давуу тал олоход туслах гол хүчин зүйл бөгөөд тийм ч учраас энэ нь стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ нь нөхцөл байдлыг урьдчилж харах, зохицож ажиллах чадвар ба шаардлагатай өөрчлөлтийг ажилтнуудаар хийлгэхийн тулд бусдад зохих эрх олгон ажиллахтай холбоотой. 

Байгууллага дахь чадварлаг манлайлагчид ажилтнуудад зөв нөлөө үзүүлж манлайлж чаддаг. Стратегийн манлайлал үзүүлэх гол хүн нь байгууллагын Гүйцэтгэх захирал байхаас гадна удирдлагын багийн гишүүд болон топ түвшний удирдлагууд ч мөн ордог. 

Ийм манлайлагчид хэрэв байхгүй бол стратегээ амжилттай томьёолж, хэрэгжүүлэхэд хэцүү байх нь ойлгомжтой. 
Манлайлагчид стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийдэг:

  1. Байгууллагад болж буй бүхий зүйлсийн талаар сайн мэдээлэлтэй байдаг.
  2. Стратегийн хэрэгжүүлэлтийн үйл явцад сайтар хяналт тавьж ажилладаг. 
  3. Стратегийг хэрэгжүүлж буй өөр өөр шатны ажилтнуудтай байнга уулзаж санал бодлыг нь сонсдог.
  4. Ажилтнууддаа урам өгч, дэмжиж ажиллах замаар тэднийг бүтээлч, санаачлагатай байлгаж, гадаад болон дотоод орчны өөрчлөлтүүдэд уян хатан ажиллаж чаддаг.
  5. Зах зээл дэх өөрчлөлтийг сайтар таамаглаж шинэ чадваруудыг идэвхтэй хөгжүүлдэг. 
  6. Ёс зүйн хэм хэмжээг сахиж ажилладаг. 
  7. Хэзээ ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна шийдэж ажилладаг.

2. Чадварлаг байгууллага

Стратегийг хэрэгжүүлэхэд тухайн байгууллага болон ажилтнууд чадварлаг байх хэрэгтэй бөгөөд удирдлагын бүтэц нь нөхцөл байдалдаа нийцсэн байх тусмаа илүү чадварлаг байдаг. 

  1. Чадварлаг ажилтнууд
  2. Өрсөлдөхүйц байгууллагын чадвартай
  3. Хүчтэй байгууллагын бүтэцтэй

3. Төсөв

Стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд газар, хэлтсүүд стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц төсөвтэй байх хэрэгтэй. 

Менежерүүд стратегийг хэрэгжүүлэхэд тухайн нэгжид хэчнээн төсөв мөнгө хэрэгтэй байгааг зөвөөр тодорхойлж хариуцах үүрэгтэй бөгөөд төсөв нь бодитой байх ёстой. Бодитой гэдэг нь стратегийн хэрэгжилтийг удаашруулахаар бага байж болохгүй, мөн илүүдэл зардал гаргахаар их байж болохгүй.

4. Стратегийг дэмжих бодлоготой байх. 

Байгууллагын бодлого үйл ажиллагааны горим нь стратегитэй нийцтэй буюу зохицсон байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг байдлаар зохицохгүй зүйл байвал хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлнө. Бодлого нь шийдвэр гаргахад чиглэл болдог учраас стратегийг дэмжих бодлоготой байх нь чухал юм. Мөн адил стратегийг дэмжих ажлын процедуртай байхгүй бол ажилтнуудаас эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. 

Тэгэхээр байгууллагын менежерүүд стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц бодлого болон үйл ажиллагааны горим боловсруулахад анхаарал хандуулах ёстой. 

5. Шилдэг туршлагыг хэрэгжүүлэх

Сайн туршлага гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаа нь шинэлэг бөгөөд салбартаа шилдэгт тооцогдох тохиолдолд сайн буюу шилдэг туршлага гэж үздэг. Сайн туршлагыг хэрэв байгууллагадаа хэрэгжүүлэх бол үйл ажиллагааныхаа онцлогт тохируулж хуулбарлах буюу нутагшуулах хэрэгтэй. Амжилттай хэрэгжүүлж чадвал өрсөлдөөний давуу байдлыг бий болгох буюу үр ашгийг нэмэгдүүлнэ.

6. Стратегийг дэмжих урамшууллын систем бий болгох

Шинэ стратеги хэрэгжүүлж буй байгууллагын урамшууллын систем нь стратегийн хэрэгжүүлэлтийг сайтар дэмжсэн байвал зохино. Өөрөөр хэлбэл стратегитэй холбоотой гүйцэтгэл бүр урамшууллын системтэй холбоотой байвал сайн. 

Стратегийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудад дэмжлэг болохуйц урамшууллыг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр олгосноор стратегийн хэрэгжилтэнд түлхэц болно. 

7. Стратегийг дэмжих байгууллагын соёлыг төлөвшүүлэх

Стратеги болон стратегийн хэрэгжүүлэлттэй байгууллагын соёлыг нийцүүлэхэд хүндрэл гарвал өөрөөр хэлбэл нийцэхгүй бол менежерүүд байгууллагын соёлыг өөрчлөх хэрэгтэй болдог. Нийцүүлэхийн тулд менежерүүдэд 2 сонголт бий: 

а. Стратегийн шаардлагад нийцэхгүй байгаа соёлын хэсгүүдийг өөрчлөх, эсвэл

б. Байгаа соёлд тааруулж стратегидээ зохих өөрчлөлт оруулах. 

Байгууллагын соёл нь хаанаас бий болдог вэ?

Байгууллагын соёл нь байгууллагын нийгмийн хүчин зүйлүүдээс гарч ирдэг бөгөөд соёлын олон бүрэлдэхүүн хэсгүүд нь тухайн компаний үүсгэн байгуулагч болон бусад хүчтэй манлайлагчдаас үүсэлтэй байдаг. Байгууллагын соёл нь итгэдэг зүйл, хэм хэмжээ, ажлын арга барил, удирдлагын арга барил зэргээс тогтох бөгөөд тухайн байгууллагын ажиллах орчныг бүхэлд нь хамруулж ойлгож болно. Энэ нь мэдээж бүх ажилтнуудын хандлагаас бий болно. 

Байгууллагын соёл нь хүчтэй болон сул байж болох бөгөөд байгууллагын хүчтэй соёлын үед тухайн ажилтнуудын итгэдэг зүйлс буюу хандлага нь тархах чадвар сайн байдаг бол сул соёлын үед тархах чадвар нь муу байдаг буюу ажилтнуудын хандлагад нөлөөлөх чадвар нь сул байдаг. 

Судалгаанаас үзэхэд стратегийг сайн дэмждэг байгууллагын соёлтой газар ажилтнууд тухайн стратегийг үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг. 

Стратегийг хэрэгжүүлэгчид, стратеги болон соёлын зөрчилдөөн нь ажилтнуудын хариуцлагыг сулруулж байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодолцож байх хэрэгтэй. Тийм учир тухайн стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллагын соёлд зохих хэмжээний өөрчлөлтийг хийх хэрэгтэй байдаг.

8. Стратегийн хяналтын систем бий болгох.

Стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хийх ёстой нэг чухал зүйл бол стратегийн хяналтын систем бий болгох юм. 

Стратегийн хэрэгжүүлэлтийн үед менежерүүд стратеги болон байгууллагын бүтцийг тодорхойлж түүний дараа стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээн дэх үйл явцуудыг үнэлж, хянаж байхын тулд хяналтын систем бий болгодог. Хэрэгжүүлэх явцад төлөвлөснөөс өөрчлөлтүүд гарвал залруулга буюу зохих өөрчлөлтүүдийг хийж ажилладаг. 

Стратегийн хяналтын систем нь менежерүүдэд цаашид илүү үр ашигтай, чанартай сайн ажиллахад нь тусладаг. Стратегийн менежерүүд нийт зарцуулсан зардлаа нийт бий болгосон гарцтай нь харьцуулж үр ашгийг тооцоолдог. 

Стратегийн хяналтын систем нь ажилтнууд болон нэгж хэсгүүдийн гүйцэтгэлийг хянангаа ажилтнуудад илүү эрх мэдэл олгох байдлыг дэмжих замаар тэдэнд шинийг санаачлах боломжийг бий болгоход тусладаг. 

Стратегийн хяналт нь ихэвчлэн 3 төрөлтэй:

  • Санхүүгийн хяналт.
  • Гарцын хяналт.
  • Хандлагын хяналт. 

Менежерүүд байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийг хянахын тулд санхүүгийн хяналтын системийг ашигладаг. Сайн санхүүгийн хяналт бий болгохын тулд зорилго, өсөлт, ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн өгөөж зэргийг тооцоолж мөн зорилгын биелэлтийг хэмждэг. 

Гарцын хяналтын системийн үед нэгж, ажилтан бүрийн зорилгын гүйцэтгэлийг урьдчилж төлөвлөөд бодит гүйцэтгэлтэй нь харьцуулж гаргадаг. 

Ажилтнууд болон нэгжүүдийн гүйцэтгэл нь урамшууллын системтэй уялдсан байх бөгөөд гарцын хяналт нь ажилтнуудыг урамшуулах, идэвхжүүлэх системийг бий болгодог. 

Хандлагын хяналтын систем нь дүрэм журам болон ажлын горимын хяналт бөгөөд байгууллагын нэгж бүр дэх ажилтнуудын хандлагыг хянах боломжийг олгодог. 

Стратегийн хэрэгжүүлэлт нь байгууллагын стратегитэй уялдах сайн хяналтын системийг бий болгосноор амжилттай хэрэгждэг. Стратегийн менежерүүд зорилгодоо хүрэхийн тулд санхүүгийн хяналт, гарцын хяналт болон хандлагын хяналт зэргийг хослуулан хэрэглэн ажиллавал үр дүнтэй.

Энэ нийтэлээр стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хийх хэрэгтэй гол ажлуудыг танилцууллаа. Түүнчлэн хэрэгжүүлэх явцад байгууллагад гарч болох өөрчлөлтүүдийг анхаарах хэрэгтэй байдаг. Байгууллагын хувьд стратегийн менежментийн үйл явц нь стратегийн менежерүүд стратегитэй холбоотой ажлуудын хэрэгжилтийг үнэлж зохих өөрчлөлтүүдийг хийснээр дуусгавар болох ч амьдрал дээр бизнесийн орчны байнгын өөрчлөлтөөс болж тогтмол өөрчлөлт хийх хэрэгтэй болдог учраас хэзээ ч дуусдаггүй.